Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдийн хуулиар олгогдсон эрхийг хангах, дахин гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран “Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 60 орчим хүүхдийг хамруулж, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг өглөө.
Нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байгаагаас нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн 2, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 64 хүүхэд байна.
Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон 1, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байгаа юм.
Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.