Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газартай хамтран “Ял шийтгүүлсэн этгээд хүрэлцэн ирээгүй тохиолдолд хийгдэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал, анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б. Отгонбаяр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, дэд хурандаа Э.Итгэлтөгс болон хяналтын прокурор, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.
Зөвлөгөөнөөр шүүхээс ирсэн гүйцэтгэх хуудаст эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулах, ялтан этгээдийн шийтгэл дууссан даруйд хилийн хоригийг нэн даруй цуцалж, өр төлбөрт орохгүй байхад анхаарах, Өршөөлийн хуульд хамрагдах гүйцэтгэх баримт бичгийн бүрдлийг хангаж шүүгч нартай харилцан нэг ойлголтод хүрэх талаар санал солилцлоо.
Мөн прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээ, судалгаа зөрүүгүй байх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний зардлын талаар удирдах дээд байгууллагад санал хүргүүлэх, хууль, журмын зөрүүтэй байдлаас болж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа асуудлын гарц шийдлийг хэлэлцлээ.
Зөвлөгөөний төгсгөлд хэлэлцсэн асуудлаар зөвлөмж гаргаж, биелэлтийг 2024 оны эцэст дүгнэхээр шийдвэрлэв.