Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний нэг болох “Шилдэг бүлэг” шалгаруулах уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүлэг гуравдугаар байр эзэлсэн.
Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар нэг сарын үндсэн цалингаар шагнаж, урамшууллаа.
Тус бүлгийн ахлах дасгалжуулагчаар Тусгай ажиллагааны газрын бүлгийн дарга, ахмад Б.Жаргалсайхан, Бүлгийн даргаар 433 дугаар хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, дэслэгч Э.Батням, Мэргэн буудагчаар 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч М.Дарханбаяр, Эмнэлгийн зааварлагчаар 405 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч О.Сүрэнхоор, Холбоочноор 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Д.Амартүвшин нар үүрэг гүйцэтгэсэн юм.
“Ахлагчийн жил”-тэй уялдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд ахлагч бүрэлдэхүүний манлайлал, үүрэг оролцоо, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүллээ.
Тухайлбал, ахлагч нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах, иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр олгох, мөн бусад тусламж дэмжлэг үзүүлэх, шагнаж урамшуулах ажлыг үе шаттайгаар зохион байгууллаа.
Мөн цалин хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраар батлуулж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр болсон.