Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, 100 насны ой нь тохиож буй бэлтгэл ахлах ахлагч Г.Чогсомжавд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг илгээснийг Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Б.Цогжаргал гардууллаа.
Мөн үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, алба хаагчдын төлөөлөл ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Г.Чогсомжавд хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр 1944 онд цэргийн албанд татагдан, 20 насандаа чөлөөлөгдөх дайнд оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан ахмад дайчин юм.
Цэргийн албанаас халагдан, Дотоод яамны төв сургуулийн курст суралцаж, 1948 оноос Хараагийн засан сайжруулах лагерь, одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид харуулын бага дарга, хянагчаар томилогдон, тус албандаа тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүн дээд “Төрийн хуяг” шагналын эзэн билээ.